Замын-Үүд клуб, Хөөрхөн зүрхнүүдийн аян, ТББ-ууд хамтран "Амар амгалан аз жаргалтай гэр бүлийг цогцлоох арга зүй " сэдэвт сургалтыг 2015 оны 6 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Замын-Үүд суманд зохион байгуулав. Энэхүү сургалт нь сумын оршин суугчдын иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн эрүүл харилцааг төлөвшүүлэх, орон нутгийн аж ахуй эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нийгэмд тустай олон арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Замын-Үүд клубээс зохион байгуулсан олон нийтийн анхны арга хэмжээ болсноороо онцлог байлаа.
Сургалтанд Замын-Үүд сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, орон нутгийн оршин суугчид, хувиараа аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болсон 18 хүн хамрагдаж, хичээлийг нийгмийн ухааны магистр багш Б. Оюундарь, "Монголын либераль эмэгтэйчүүдийн оюуны сан"-н мэргэжилтэн, багш П. Энхжаргал, нар зааж, сургалтын шинэлэг арга барилаар зохион явууллаа.Энэ удаагийн сургалтаар гэр бүлийн хэмжээнд их, бага хэмжээгээр байнга үйлдэгдэж, бидний амьдралын хэмнэлд ижил, дасал болсон хүчирхийллийн хэлбэрүүд, аж төрөхүйн эрүүл бус харилцаа, архидалт, мансуурлыг зогсоож, сэтгэл зүйг нөхөн сэргээх арга зүйн зөвлөмж, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх арга, аргачлалуудыг заан сургасан юм. Нийслэл хотоос ирсэн сургагч багш нар сургалтанд оролцогчдын сурах идэвхи, оролцоог сайшаан магтаж, дараа дараагийн арга хэмжээнд харилцан туслалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Сургалтын төгсгөлд Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн Замын-Үүд суман дахь төлөөлөгч Э. Дашцоо, Замын-Үүд клубын тэргүүн Ч. Эрдэнэбат нар сургагч багш нараар төгсөгчдөд баяр хүргэн амжилт хүсч суралцагчдаа төлөөлж, сумын НААСЗХ-ны тэргүүн Н. Нямбаяраас Замын-Үүдийнхээ төлөө зүтгэе уриа гаргасныг оролцогчид халуун дотноор дэмжсэн байна.
2015 оны 6 дугаар сарын мэдээ