2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг Замын-Үүд суманд зочилж, сумын Засаг дарга М.Баянмөнх, ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь газрын дарга Г.Эрдэнэцогт, Хилийн 0108-р ангийн захирагч О.Батгэрэл болон бусад холбогдох албаны хүмүүстэй “Аялал жуулчлалын асуудал”-аар уулзалт хийв. Өнгөрсөн 7 хоногт буюу 05 дугаар сарын 06-ны өдөр Засаг дарга М.Баянмөнх Эрээн хотод зочилж, Эрээн хотын орлогч дарга Саранчимэгтэй “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай” хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ.
Тиймээс дээрх санамж бичгийн холбогдох заалтын гүйцэтгэлийг хангах үүднээс Саранчимэг дарга болон төлөөллүүд “1 өдрийн аялал жуулчлал”-ын маршрутаар биечлэн танилцаж, өөрсдийн санал, дүгнэлтийг хийсэн байна. Тус уулзалтаар боомтод аялал жуулчлалд зориулсан ногоон гарц бий болгох, боомтод виз олгох боломж, аялал жуулчлалын автобусны таних тэмдэг болон компаниудын үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар нарийвчлан санал солилцсон байна. Мөн 2 тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг албан ёсоор 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр тохиролцож, үлдсэн хугацаанд аялал жуулчлалын компаниуд бэлтгэл ажлыг сайтар хангаж, гарах эрсдэл, бэрхшээлүүдийг тооцон, идэвх зүтгэл гарган ажиллаж, хил орчмын аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэхийг удирдлагууд анхаарууллаа.