Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон бусад албаныхан оролцлоо.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233,5 сая юань, Монгол Улсын төсвийн 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж, зорчигч тээврийн хэсэгт шинээр 9500 м2 шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 30 барилга байгууламж, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, 2.2 км инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, 11 км цахилгаан хангамжийн шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт, хашаа, хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.
АЧАА ТЭЭВРИЙН ЦОГЦОЛБОР
Нийт 14.9 га талбайд 28 барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтэц, хүнд даацын авто зам талбай, явган хүний зам, ногоон байгууламж, тохижилт зэрэг ажлуудыг гүйцэтгэж хяналт шалгалтын эгнээг орох чиглэлд 22, гарах чиглэлд 5, нэмэлтээр орох гарах урсгалд транзит тээврийн эгнээтэй болгон өргөтгөснөөр өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн урсгал чөлөөтэй нэвтрэх боломжтой цогцолбор боллоо.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ЦОГЦОЛБОР
Нийт 19.7 га талбайд 30 барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтэц, авто зам талбай, явган хүний зам, ногоон байгууламж, тохижилт зэрэг ажлуудыг гүйцэтгэж хяналт шалгалтын эгнээг орох чиглэлд 20, гарах чиглэлд 24 эгнээтэй болгон өргөтгөсөн орчин үеийн шинэ зорчигч тээврийн цогцолбор юм.