2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын дарга Луо Чин холбогдох зочид, төлөөлөгчдийн хамт Замын-Үүд хотод анх удаа албан ёсны айлчлал хийв. Энэ удаагийн айлчлалд Хотын орлогч дарга Цогжил, Боомтын албаны дарга Ханбат, Гадаад харилцааны газрын дарга Нарс, Эрээн хотын захиргааны нарийн бичгийн дарга Чяо Жэн Жүн, Эрээн хотын захиргааны нарийн бичгийн даргын орлогч Ли Хай Лун болон Эрээн хотын Намын тамгын газар, Засгийн ордны албан хаагч зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй зочлов. Айлчлал хөтөлбөрийн дагуу Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, Засаг дарга М.Баянмөнх болон хил, хяналтын байгууллагын дарга нар ЗДТГ-ын хурлын зааланд Эрээн хотын төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн болон танилцах уулзалтыг хийж, хоёр хотын хөгжил дэвшил, харилцааны талаар санал солилцон, цаашид хамтран ажиллах олон ажил байгааг санал нэгтэйгээр дэмжив. Хөтөлбөрийн дагуу Хилийн цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс, Сумын 1-р цэцэрлэг, ЕБ-ын 2-р сургуультай танилцсаны дараа айлчлалын чухал хэсэг болох Соёлын төв өргөөнд урлагийн тоглолт зохион байгуулж, Монгол ардын уламжлалт дуу хөгжим, бүжгийг толилуулсан нь зочид төлөөлөгчдөд маш их таалагдсан байна. Мөн ойрын хугацаанд дахин ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хоёр хотын хамтран ажиллах санамж бичиг, дунд, урт хугацааны хөтөлбөрийг байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн нь хоёр хот олон салбарт нягт хамтран ажиллах сонирхолтойг илтгэж байна. Мөн сумын ЗДТГазар, 2-р цэцэрлэг, 2-р сулгууль, урлагын хамт олонд маань нийтдээ 19 сая төгрөгний хандив өргөн барьсан байна. Энэ удаагийн Эрээн хотын даргын айлчлал найрсаг, тааламжтай уур амьсгал дор явагдсаныг цохон тэмдэглэе