“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” УРИАН ДОР “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн алба, Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран тус аяны нээлтийн хүрээнд холбогдох чиг үүргийн байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн арга хэмжээ орон даяар 2022 оны 06 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15,957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан байна. 2022 гарсаар зам тээврийн осол 7,408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсжээ.
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:
-Хурд хэтрүүлэх;
-Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх;
-Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах;
-Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих;
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх;
-Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, иргэд жолооч та бүхэн дүрэм, журмаа баримтлан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.